Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэсэрч дэлбэрэх бодисын импортыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах тогтоолыг (2026.05.20) баталлаа.
Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Тэрээр “Манай улс бензин, шатахууны импортоор гаднаас 100 хувь хараат. Үүнтэй адил тэсэрч дэлбэрэх бодис буюу уул уурхайн үндсэн тэсэлгээний ажилд зориулагдсан материалаа 100 хувь импортоор хангадаг. Монгол Улсын хувьд импортын боомтуудын тоог нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангах, орж ирсэн тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах үүрэг даалгавар өгсөн тогтоолын төсөл батлагдлаа” гэжээ.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлын явцын талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан байна. Энэ тухай сайд Г.Дамдинням “Оюутолгойгоос том хэмжээнд тооцогдохоор төслийн бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хувьд газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудалд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг өглөө. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байна” гэдгийг тодотголоо.
Мөн, Дархан-Уул аймагт гангийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Тухайн аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжжээ. Энэ жилдээ багтан гэрээ хэлцлүүдийг дуусгаж ажлыг эхлүүлэх зорилттой. Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх хугацаа тавдугаар сарын 11-ны өдрөөр дуусжээ.
Иймд материалаа ирүүлсэн оролцогчдын тоог үзэх, үнэлэх Ажлын хэсэг байгуулагдаж байгааг салбарын сайд мэдээлэв.
































































