Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог болох асуудлыг хэлэлцсэн юм.
Тодруулбал 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэж заасан.
Гэтэл Үндсэн хуулийн цэцэд нэгэн иргэн уг заалтын “зөвхөн нэг удаа” гэдэг хэсэг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн гомдол гаргажээ. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэн, хүлээн авч уг заалтыг хүчингүй болгосон эцсийн шийдвэр гаргаж байгаа юм.
Ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай дахин томилох эрх зүйн орчныг Үндсэн хуулийн цэц нээж өгсөн үйл явдал боллоо хэмээн ойлгож болно.
ЦЭЦИЙН ШИЙДВЭР:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасны “нэг удаа” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэсэн заалтыг зөрсөн гэж үзсэн.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг УИХ 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсгийн “нэг удаа томилно.” гэж заасныг 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ний өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр хассан байна.
УИХ нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр уг дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр болсон байна.
2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасны “нэг удаа томилно.” гэсэн хэсэгтэй эрх зүйн үр дагавар, агуулгын хувьд адил байна.
3. Хүчингүй болсон дээрх хуулийн заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх зарчмыг алдагдуулсан байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн заалтын “нэг удаа” гэсэн хэсгийг УИХ 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар агуулгаар нь бүтэн сэргээсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
2. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болсугай.







































































