Авлигатай Тэмцэх Газраас (АТГ) арваад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллажээ.
Тус шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэжлүүлэн шалгахаар авч явсан байна.
Цагдан хоригдоод буй Ерөнхий захирал П.Анхтуяа нь Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбатын томилуулсан хүн гэгддэг.
Уг хэрэгт зөвхөн ерөнхий захирал бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдоод байна.
Одоогийн байдлаар захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
АТГ-ын зүгээс ямар үндэслэлээр нэгжлэг хийж, баривчилсан талаарх албан ёсны мэдээллийг хараахан өгөөгүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.








































































