Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний 2.8 км ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллажээ.
Энэ шугам нь 1000-ын диаметртэй төмөр бетон бөгөөд угсралтын ажлыг Геодези усны барилга байгууламжийн газар гүйцэтгэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тус шугам ашиглалтад орсноор ХУД, Чингисийн өргөн чөлөө борооны ус зайлуулах төв магистрал шугамтай болно. Шугам хоолойн ажлыг гүйцэтгэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүй байх зорилгоор баяр наадмын өдрүүдэд ажиллаж, нэгдүгээр эгнээнд угсралтын ажлыг хийж байна. Бид есдүгээр сарын нэгнээс хойш газар шорооны ажил хийхгүй байхаар төлөвлөж буй” гэлээ.
ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэхүү шугам хоолойн угсралтын ажилд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 13 машин механизмтай, хоёр ээлжээр ажиллаж байна. Ингэхдээ өдрийн цагаар шугамаа тавьж, шөнийн цагаар орц, гарцаа сэтлэж байгаа юм. Шугам хоолойн ажлыг наймдугаар сарын 10-нд бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн” гэв.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ












































































