Баяр наадмын амралтын өдрүүдэд ирсэн дуудлага, хэрэг зөрчил болон олон нийтийн сүлжээгээр зарим хэргийн талаар ташаа мэдээлэл цацагдсантай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Баярын амралтаар Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9446 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 488 дуудлага бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
7-р сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнсант суманд зорчиж явсан Ниссан болон Т.Харриер хоёр суудлын машин мөргөлдсөний улмаас насанд хүрсэн нэг иргэн, хоёр хүүхэд нас барсан.
Энэ хэргийн газарт Цагдаагийн байгууллагын баг шуурхай очиж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр зохион байгуулсан. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдээс урьдчилсан байдлаар гурван хүн нас барж, 8-52 насны зургаан хүн гэмтсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ ноцтой ослыг шалгах ажиллагааг шуурхай явуулж, нотлох баримтыг тал бүрээс баримтжуулж хуулийн хүрээнд ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар Тоёота Харриер машинд зорчиж явсан иргэдээс жолоочид нөлөөлсний улмаас урсгал сөрж, жолоодлого алдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Хэргийн талаарх зарим дүгнэлт, шаардлага нотлох баримтууд эцсийн байдлаар тогтоогдоогүй байна.
-Ослын дараа жолоочийн согтуурлын зэрэг тогтоох шинжилгээг хийгээгүй гэсэн мэдээлэл цацагдсан нь үнэн үү?
-Зам тээврийн ямар ч ослын үед цагдаагийн байгууллагаас очиж, хамгийн түрүүнд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хамгийн түрүүнд тогтоодог. Зөвхөн согтуурлын зэрэг тогтоох багажаар биш, лавшруулах нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор цуснаас нь дээж авч, шинжилгээгээр давхар тогтоодог. Энэ ослын дараа дээрх шинжилгээг бүрэн хийсэн. Нийгмийн сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байна.
-Жолооч нь согтолттой байсан уу?
-Эрүүл мэндийн байгууллагаас жолоочийн цусны шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна гэв.










































































