Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс олджээ.
Монгол, Японы хамтарсан археологийн малтлага судалгааны үеэр Авид бурхан, 21 ширхэгтэй эрхи, хадны зураг, модны үйсэн дээр бичсэн судар зэрэг олдвор илрүүлсэн байна. Тэдгээрийн дотор 400 гаруй жилийн турш маш сайн хадгалагдсан “Чингис хааны билиг сургаал” онцгой ач холбогдолтой олдвор болжээ. Чингис хааны билиг сургаалийг өмнө нь бичгийн сурвалжуудаас мэдэж байсан бол энэ удаад археологийн малтлагаар бодит олдвор хэлбэрээр илрүүлсэн нь түүх, археологийн шинжлэх ухааны хувьд онцлог үйл явдал юм. Судлаачдын үзэж буйгаар уг хийд нь Монголын анхны буддын шашны томоохон хийдүүдийн нэг болох Эрдэнэ Зуу хийдтэй ойролцоо үед байгуулагдсан байж болзошгүй аж.











































































