Урьд шөнө буюу энэ сарын 07-ноос 08-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастай бурхантын аманд байх айлын гэр рүү баавгай дайраад байна хурдан ирээрэй гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, тухайн газарт шуурхай очиж ажилласан байна.
Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэр рүү нь баавгай дайрч, 40 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон байсан ба гэрээс тодорхой хэмжээний зайд олджээ. Харин 55 настай эмэгтэйн хувьд гэрээс зугтааж гарсан учраас амьд үлдсэн байна.
Энэ үйл явдалтай холбоотой бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэв.
Улиастай бурхантын ам нь бэлчээрийн орчимд хамаардаг ба айлууд, малчид амьдардаг байна.
Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажиллажээ. Баавгайг олохоор Нийслэлийн байгаль орчны газар, БЗДЦГ-аас алба хаагчид гарч эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм байна.








































































