2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санал дэвшүүлсэн хүмүүсийг Монгол Улсаас
суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилж байлаа.
Тодруулбал, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух
Элчин сайдаар, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг Швейцарийн холбооны улсад
суух Элчин сайдаар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух Элчин
сайдаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дүү Н.Чингүүндарийг Канад улсад суух Элчин
сайдаар тус тус томилсон байдаг.
Ихэнх нэр дэвшигч дээр асуудал маргаан их байсан ч
олонхийн саналаар тэдгээр хүмүүсийг Элчин сайдаар томилж, ажлын амжилт хүсцгээсэн.
Гэтэл шинээр томилогдсон Элчингүүд маань эндээ л
ажиллацгаагаад байх юм. АНУ-д суух ёстой Элчин сайд маань БСШУС-ын дэд
сайдынхаа ажлыг хийж, хурал цуглаанд оролцож, тууз хайчилж, зочид
төлөөлөгчидтэй уулзаад яваад байна. Харин Швейцар улсад суух ёстой Элчин сайд
Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогын зөвлөх
болчихсон Иран улсад цайллагад оролцоод явж байх юм.
А.Баттөрийн хувьд амралтын байдалтай, Н.Чингүүндарь,
Г.Тэнгэр нарын талаар одоогоор мэдээлэл алга. Ямартай ч эдгээр хүмүүс Монгол
Улсаас суух Элчин сайд гэх томилолтоо аваагүй бололтой юм.
Ямар учиртай юу болоод өнгөрчихөв өө? Эсвэл эдгээр
хүмүүсийг буцаагаад татчихсан юм уу.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буучихаар түүний нэр
дэвшүүлсэн хүмүүс ч бас дагаад буудахдаг хэрэг үү. Үүнийг би огт ойлгохгүй
байна.
Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайд З.Батбаярыг
эргүүлэн татах зарлиг гаргаж байхдаа Ц.Элбэгдорж хэд хэдэн хууль тогтоомж
зөрчсөн гэж үзэж түүний гаргасан зарлигийг хүчингүй болгох шийдвэрийг
Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан.
Тэгэхээр дээрх хүмүүсийг Элчин сайдаар нэр дэвшүүлэхдээ
Ц.Элбэгдорж болоод түүний багийнхан алдаа гаргачихсан учраас УИХ-аар дэмжигдсэн
Элчин сайдууд одоог хүртэл ажлаа авч чадахгүй, Монголоор эргэлдэж, хуучин
ажилтайгаа зууралдсаар байгаа юм болов уу. Хэн тайлбар өгөх вэ.