Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнууд өөрөөсөө том цүнх үүрдэг тухай эцэг, эхчүүд гомдоллодог. Бага насны хүүхэд тогтмол хүнд зүйл өргөж явах нь эрүүл мэнд болон өсөлтөд сөргөөр нөлөөлдөг эмч мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс эцэг, эхчүүд, багш нарт зориулсан зөвлөмжийг гаргажээ.
Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал, ажлын дэвтрийн нийт жин 1325 грамм байдаг. Мөн өдөр тутмын хичээлд байнга хэрэглэдэг үзэг харандаа, дэвтэр гэх мэт хэрэгслийн дундаж жин 2730 грамм байдаг. Сурагчид эдгээр хэрэгслээс гадна тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо нэмэгдсэнээр цүнхний хүндийн жин ойролцоогоор таван кг байдаг байна.
Гэвч олон улсын жишигт хүүхдийн цүнхний жин нь тэдний биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалт байдаг аж. Манай улсын судлаачид зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19,2кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдгийг тогтоосон. Энэ стандартаар бодвол монгол хүүхдийн цүнхний жин хоёр кг-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн үг аж.