УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах
шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга ч ийм агуулгатай шаардлага хүргүүлээд байгаа.
Гэвч УИХ-ын дарга М.Энхболдоос тодорхой хариулт ирээгүй байна. Гэхдээ УИХ
дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа \”Өвөлжилтийн бэлтгэл яригдаж байгаа энэ
үед үүрэг гүйцэтгэгч нар Засгийн газрын бүрэн хэмжээнд ажиллаж байна. Монгол
Улсын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдээд явна” гэх утгатай тайлбарыг
хэвлэлийнхэнд өгсөн байгаа юм.
Эндээс МАН-ын бүлэг шинэ Засгийн газрыг байгуулахад нэг их яарахгүй байна
уу гэж харагдаж байна.
Эрх баригч намын хувьд Засгийн газрын асуудлыг Бага хурлаараа хэлэлцүүлж
байж шийдвэрлэх ёстой гэсэн нэг чиг баримжаатай байгаа бололтой. Үүнээс өмнө
үүрэг гүйцэтгэгчид л улс орны асуудлыг шийдвэрлэх юм байна. Уг нь Ерөнхий
сайдаа яаралтай томилоод явах тухай саналыг сөрөг хүчин болоод Ерөнхийлөгчийн зүгээс
өгч байгаа ч олонх тийм ч хурдан хөдлөхгүй гэдгээ УИХ-ын даргын одоог хүртэл
өгөөгүй байгаа хариугаар мэдэгдэж байж болох л юм.