Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Лос Анжелес хот дахь Сумо бөхийн холбооны гэрээт тамирчин Уламбаярын Бямбажавт Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байсан өдгөө дэлхий нийтийн дунд хөгжиж буй сонирхогчдын сумод Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд мандуулж, сурталчилсныг өндрөөр үнэлэн \”Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулан өгөв.
Сан Франциско дахь ЕКГ-ын байранд болсон дээрх ёслол арга хэмжээнд US Sumo Open тэмцээний зохион байгуулагч, захирал ноён Эндрю Фреунд тэргүүтэй гадаад, дотоодын нийт 20 гаруй иргэд байлцав.
Дашрамд сонирхуулахад У.Бямбажав нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд сонирхогчдын сумогийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, US Sumo Open тэмцээний үнэмлэхүй аварга цолтой. Тэрбээр олон төрлийн шоу, үзүүлэх тоглолтод оролцохоос гадна олон төрлийн сурталчилгаанд амжилттай тоглосон алдартай тамирчин юм.