Бразилийн цагдаа
нар хүүхдүүдийг садар самуунд уруу татсан болон бэлгийн дарамт үзүүлсэн гэх 108
хүнийг баривчилжээ. Тэдний зохион байгуулсан хүүхдийн бэлгийн хүчирхийллийн
эсрэг ажиллагаа нь Латин Америкт явуулсан энэ төрлийн хамгийн том арга хэмжээ
болсон байна. Тэдгээр сэжигтнүүдийг тус улсын 24 муж болон нийслэл хотоос
баривчилсан аж.
Хууль
зүйн сайд Торкуато Жардим олон нийтэд танилцуулсан мэдэгдэлдээ, сэжигтнүүдийн
гар утас, компьютер зэргээс хүүхдүүдийн порно зураг, бусад баримтуудыг олсон
тухай дурджээ. Цагдаагийн байгууллагаас АНУ болон Европын цагаачлалын
байгууллагын ажилтнуудтай хамтран хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг энэхүү
тусгай ажиллагааг зургаан сарын турш явуулж, мөрдлөг шалгалтуудыг хийсэн байна.
Мөрдөгчид
хэрэгт холбогдох зохисгүй зураг бүхий 150 мянга гаруй баримтыг олж илрүүлжээ. Хэрэгтнүүд
интернэтийн хайлтын системүүдэд илэрдэггүй, тусгай вэбээр дамжуулан элдэв
зураг, дүрс бичлэгийг цацдаг байсан аж. Тэдний дотор цагдаагийн байгууллагаас
халагдсан цагдаа, төрийн албан хаагчид, залуу хөл бөмбөгчдийн клубийн ажилтнууд
байсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Дээрх
тусгай ажиллагаа нь цаашлаад бусад олон төрлийн гэмт хэрэг, хууль бус үйл
ажиллагаатай холбогдож байгаа учир одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, цаашдын
арга хэмжээний талаар хэлэх боломжгүй аж.