Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн баяр тохиож байна. Ойн хүрээнд хотын удирдлагууд Тусгаар тогтнолын ордны баруун өмнө зүгт байрлах яст мэлхий хэлбэртэй пайлуур хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
1994 онд \”Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” гарч, \”Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Богдхан уул, Туул голын эрэг, сэрүүн Сэлбийн хөвөө, Хүн чулууны хонхорт Нийслэл хотын суурин байгуулагдаж шав тавьсан газарт дурсгалын цогцолбор хэсэг байгуулах” саналыг Нийслэл хотын Засаг дарга асан Ц.Баасанжав анх санаачилж, зураач Д.Наранжав зураг төслийг боловсруулжээ.
Уг дурсгалын цогцолбор нь яст мэлхий хэлбэртэй пайлуур хөшөө, цэцэрлэг рүү ордог 6 ширхэг арслангаас бүрдэнэ. Хөшөөний суурь нь монгол гэрийн буурийг бэлгэшээсэн бөгөөд Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн \”Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчууд нийслэлээ товлож шаваа тавьсан газар энэ болой” гэсэн бичээсийг монгол бичгээр бичсэн байна.
Мэлхий хөшөөг Төв аймгийн Авдар орд хэмээх газраас авчирсан амазонит гэдэг ногоон чулуун боржингоор урлаж хийсэн бөгөөд энэ амазонит чулуу хатуулгаараа дэлхийд гайхагддаг байна.
Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор пайлуур хөшөөг, 360 жилийн ойгоор үүдэн дэх арслангуудыг тус тус босгож дуусгажээ.