Өршөөлийн хууль гэгч зүйл гаднын орнуудад байдаг ч манайх шиг
ингэж замбараагүй хэрэглэдэг улс Монголоос өөр байхгүй байх. Учир юу хэмээвээс
Монгол Улс нийт хоригдлынхоо тал хувийг өршөөлийн хуульд хамруулж, дэлхийн
хамгийн энэрэнгүй хийгээд гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсэн улсаар тодроод байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 6000 хоригдол байдаг бөгөөд үүний 3000-ыг өршөөлийн
хуульд хамруулж, 2000-ыг суллахаар болов. Үүний түрүүч болгож хоригдлуудын
эхний хэсгийг өчигдрөөс суллаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд 2000 хоригдлыг
суллах юм. Хэдийгээр Өршөөлийн хууль санаандгүй байдлаар бусдад гэм хор
учруулан түүндээ маш ихээр харамсч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэсэн чин
хүсэл эрмэлзэлтэй ч одоо хоригдож буй залууст туйлын хэрэгтэй зүйл ч үүний
хажуугаар бүрэн төлөвшиж гэм буруугаа ухаарагүй хүмүүсийг нийгэмд гаргадаг.
Үүний жишээ болсон олон ч ноцтой гэмт хэрэг өнгөрсөн хугацаанд гарч, Өршөөлийн
хуулиар гарч ирээд удаагүй хүмүүс үйлдсэнийг албаныхан тогтоосон. Нөгөө талаас
Өршөөлийн хууль гэм хэргийг өөгшүүлдэг, ял завших арга биш болчихоосой гэж
хүсэх хүмүүс олон байгаа бөгөөд Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж буй насанд
хүрээгүй маш олон хүүхдийн асуудалд санаа зовниж байна. Ямартай ч, албаны хүний
хэлснээр өршөөлөөр суллагдаж буй хоригдлуудыг хот, хөдөө гэлтгүй бүгдийг нь
нийслэл Улаанбаатар хотод авчирч, тэндээсээ төрөлх гэр, аймаг, сум уруу нь
тээвэрлэх аж.