УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах бичгийг өргөн барьсан. Харин үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулахаар хүсэлт гаргах нь Засгийн газрын танхимаар ажиллах зарчимтай зөрчилдөж байгаа гэх дүгнэлт гаргасан.
Намрын чуулганы эхэнд уг дүгнэлтийг парламент хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Цэцийн Их суудлын хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэхээр болсон байна. Тэгвэл Их суудлын хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэр гаргах хүртэл С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс түдгэлзүүлсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дурьджээ. Хэрвээ Цэцийн их суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзвэл С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр хаах юм байна.