Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөдөл гаргасан байна. Түүний өргөдөлд,
Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо.
Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарынхаа нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.
Надад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн \”МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье.
Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.