Сүүлийн үед дэлгүүр, такси, нийтийн тээвэр зэрэгт бутархай мөнгө байхгүй болжээ гэх яриа нийгмийн сүлжээгээр тархаад байгаа. Түүнчлэн арилжааны банкууд ч мөнгө бутархай болгож өгч чадахгүй байна гэх асуудал үүсэх болсон. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар \”Сүүлийн үед бутархай мөнгө байхгүй гээд худалдааны байгууллагууд болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэд нэлээн бухимдалтай байх шиг байна. Бутархай мөнгө яагаад ойрын үед алга болж, тасалдаад байна гэхээр нийтийн тээвэртэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр картын системд шилжиж, бэлэн мөнгөнийхөө бүх үйлчилгээг нэг банкинд төвлөрүүлснээс үүдэн гарч буй асуудал. Гүйлгээнд байгаа бараг бүх бутархай мөнгө зөвхөн тэр банкинд төвлөрчихдөг юм байна. Нийтийн тээврээр зорчигчдын мөнгийг тухайн банк тоолж амжаагүйгээс тэнд хуримтлал үүсээд байгаа учир иргэдийн дунд бага зэргийн бухимдал үүссэн” хэмээн мэдэгдлээ.