Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Нийслэл хотод үйлдэгдэж буй хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр \”Нийслэл илрүүлэлт” арга хэмжээг зохион явуулж байна. Арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Эхний 20 хоногийн байдлаар халаас, орон байр, автомашины эд зүйл хулгайлах 264 хэрэг нөхөн, 128 хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Тухайлбал, Хулгайлах гэмт хэрэг 306, дээрмийн хэрэг 19, булаалт 20, хүчиндэх хэрэг 13, залилан мэхлэх 34, нийт 392 хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 28 этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоожээ.
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдээр тээврийн хэрэгсэл ашиглан автомашины гурвалжин цонх цохиж эд зүйлийг нь хулгайлдаг гурван бүлэг этгээдүүдийг баривчлан шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Нарантуул, Хархорин, Тэди, Монтел гэх газруудаар хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг гар дээрээс гар утас худалддаг /ченж/ этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж байна. Удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан \”С” гэгчийг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс барьж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрээс бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан нь илэрчээ.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд: Тээврийн хэрэгсэлээ иргэд харуул хамгаалатгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, чанарын шаардлага хангасан хяналтын камер тавьж байршуулах, хүн олноор цугларч байгаа газар, зах, худалдааны төв, гудамж талбай, нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих үедээ халаас, цүнхнээсээ эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй явж байхыг иргэддээ анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР