Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· \”Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эгүүлэн татаж авах нь зүйтэй гэж тогтлоо.
· УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.