Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг
баривчилсаны дараа хэд хэдэн хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тэдний нэг
нь \”Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат юм. Түүнийг Олон улсын
цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг зохион
байгуулж байгаа.
Тэгвэл Ч.Ганбатыг Америкийн нэгдсэн улсад байгаа гэх
мэдээллүүд цацагдах боллоо. Тодруулбал, Ч.Ганбат нь Сингапураас БНСУ руу,
тэндээсээ АНУ руу нэвтэрсэн байж болзошгүй байна. Ингэхдээ Монголын хилээр
Монголын паспорттой, бусад улсын хилээр АНУ-ын иргэний паспорттой нэвтэрсэн гэх
мэдээлэл байна.
Эндээс Ч.Ганбатыг давхар харьяалалтай байж гэж хардах
нөхцөл бүрдэж байгаа юм. Уг нь Монгол Улс давхар харьяаллыг хүлээн
зөвшөөрдөггүй. Гэвч Ч.Ганбат хоёр улсын харьяалалтай байжээ.
Харин Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирал
П.Бат-Эрдэнийг Австрали дахь сургуулиас нь, оюутны байрнаас нь ч хайгаад
олоогүй байна. Тиймээс тун удахгүй Интерполоор эрэн сурвалжлахаар болжээ.
Эндээс Б.Батзаяагийн холбогдсон хэргийг шийдвэрлэхэд
хүндрэл учрах нь гэж харагдаж байна.
А.Аюуш