\”Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын 14 дэх өдрийн байдлаар Норвеги улс медалийн тоо болон чанараар тэргүүлсэн хэвээр байна. Норвеги улс нийт 35 медалийн эзэн болоод байгаа бол Герман улс нийт 25 медаль авснаар жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.
Германы араас Канад, АНУ болон Нидерланд улс эхний таван байрт жагсжээ. Наадам эхэлснээс хойш нийт 27 улсын баг тамирчид медаль хүртжээ. Оросын баг тамирчид жагсаалтын 21 дүгээр байрт бичигдэж байсан бол өнөөдөр тус улсын тамирчин А.Загитова алтан медаль хүртсэнээр медалийн чанараар 15 дугаар байрт шилжиж, медалийнхаа тоогоор жагсаалтын долдугаар байрт бичигдэж байгаа юм. Өчигдөр Оросын баг тамирчид нийт 13 медальтай байсан хэдий ч кёрлингийн тамирчид медалиа хасуулснаас болж медалийн тоо 12 болоод байсан юм. Уран гулгалтын тамирчид эх орондоо хоёр медаль авчирснаар, одоогоор Оросын баг тамирчид нийт 14 медалийн эзэн болоод байна.