\”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Усан парк бүхий \”Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, \”Монгол шилтгээн” ХК, Бүгд Найрамдах Унгар Улсын \”Багг” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, \”Монгол шилтгээн” ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Амарбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл \” \”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд анх удаа амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор бүхий усан парк барих ажлыг \”Монгол Шилтгээн\” ХК болон Унгар улстай хамтран хэрэгжүүлэхээр болсонд таатай байна. Усан парк нь нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид өөрсдийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Усан парк бүхий \”Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын төслийн санхүүжилт нь 20 сая ам доллар бөгөөд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгажээ.
\”Монгол шилтгээн\” цогцолборыг өргөжүүлж, Европын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй Усан парк бүхий \”Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг Унгар Улсын \”Эксим\” банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр дэвшилтэт техник технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй барилгын материалаар Унгар Улсын тэргүүлэх мэргэжлийн компаниудаар бариулахаар ажиллаж байна.
Тус цогцолбор нь дөрвөн улирлын турш ажиллах \”Усан парк”-ын комплекс, ”Зочид буудал”-ын комплекс, \”Спорт, entertainment” комплекс, Кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, бүх орны хоолны газрууд зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.