\”Машинаа гражид тавьчихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гарсан 27 настай залуу сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдөр \”Toyota Prado-120” загварын автомашинаа граждаа тавина гэж гэж гараад сураггүй болжээ.
Түүнийг алга болсноос зургаа хоногийн дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт автомашиныг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О олсон байна.
Улмаар сураггүй болсон иргэн Л-ийг нуур руу орсон байж болзошгүй хэмээн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар өчигдөр өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.