Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл гарсаар байна.
Жишээ нь, өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байлаа.
Хамгийн сүүлд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 3 айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2015.11.17/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, уг галд иргэн М /26 настай, эмэгтэй/ угаартаж нас барсныг Дүүргийн цагдаагийн хэлтэст, иргэн А /32 настай, эр/, М /3 настай эр/ нар түлэгдсэн байдалтай байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Тиймээс, Иргэд Та бүхэн, гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд:
– Пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх,
– Цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх,
– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 4134 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж түймрээс 423 иргэнийг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 51 хүн өртөж нас барсан.