Монголын Сайтын Холбооноос арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 15 аймгийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 52 сайтын хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж, оролцсон юм.
Орон нутгийн сайтуудын чуулга уулзалтын үеэр Монголын Сайтын Холбооноос энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцож, цахим эрх чөлөө ба хууль эрх зүйн орчин, мэдээлэл олж авах боломж, сайтын аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулан, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэдийгээр Монгол улсын 21 аймаг өндөр хурдны интернетэд холбогдсон ч гэсэн интернетийн хурд муу, доголдол ихтэй байгаа нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг сайтууд төдийгүй уншигч, интернет хэрэглэгчдэд багагүй бэрхшээл учруулж байгааг тэд онцолж байсан юм. Чуулга уулзалтад оролцсон хөдөө орон нутгийн сайтуудаас нийт 35 сайт Монголын Сайтын Холбоонд албан ёсоор элсэх хүсэлтээ гаргаж, батламжаа гардан авлаа. Ийнхүү Монголын Сайтын Холбоо 208 гишүүн сайттай болж, хамрах хүрээгээ өргөтгөн эгнээндээ 2000 гаруй сэтгүүлчийг нэгтгээд байна. Шинээр гишүүнээр элссэн сайтуудаас 10 сайт нь аймгуудын төрийн захиргааны байгууллагын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг …GOV.MN сайт байгаа ажээ.
Монголын Сайтын Холбооны хувьд байгуулагдаад зургаан жил болж байгаа бөгөөд цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байна. Тус холбооноос 2012 оны арванхоёрдугаар сард вэб сайтын сэтгэгдлийг хянах тухай Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж боохгүй байх албан шаардлагыг тухайн үеийн Ерөнхий сайд болон, Засгийн газрын холбогдох газруудад хүргүүлж байсан юм.
Мөн өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Төрийн ордонд \”Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг 800 сэтгүүлчийн оролцоотойгоор зохион байгуулсан бөгөөд энэ оны есдүгээр сарын 1-ны өдөөс эхлэн Отгонтэнгэр Их сургуультай хамтран Цахим мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж, баклаврын түвшний боловсрол олгох ангийг Монголд анх удаа нээгээд байна.
Б.Цоож