2015-2016 оны хичээлийн жилд Архангай
аймгийн хэмжээнд нийт 35 цэцэрлэг 2-5 насны 6911 хүүхдэд сургуулийн
өмнөх боловсрол олгож байна.
Энэ хичээлийн жилд
зөвхөн Цэцэрлэг хотын хэмжээнд 550 хүүхдийг шинээр хүлээн авах хүчин
чадал бүхий таван цэцэрлэг ашиглалтанд орсноор цэцэрлэгийн хүртээмж 100%
хүрлээ.
Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90%-д
хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт хэмээн мэргэжлийн
хүмүүс тайлбарлаж байна.
Жил бүрийн 9 сарын 1-тэй зэрэгцэн хүүхдийн цэцэрлэгийн асуудал хурцаар
тавигдаж, асуудал үүсдэг бол Цэцэрлэг хотын ард иргэд өөрийн харъяалалын
дагуу хүүхдээ цэцэрлэгт хамруулахад саад бэрхшээлгүй болсон юм.
Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр анхаарч ажиллана, ялангуяа
цэцэрлэгийн хүртээмжийг 100% хүргэнэ гэсэн аймгийн Засаг даргын бодлого
энд биелэлээ олж энэхүү ажил нь улсын хэмжээнд туршлага болон судлагдаад
явж байна.
Тодруулбал шинээр баригдаж буй орон сууцнуудын нэг давхарыг цэцэрлэгийн
зориулалттай бариулахаар захиалагч болоод гүйцэтгэгч компанитай
тохиролцох мөн хуучин барилгуудыг цэцэрлэгийн стандартад нийцүүлэн
засварлаж ашиглалтанд оруулснаар орон нутгийн болоод улсын төсвийн
зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэж байгаа аж.
Сумдад мөн энэхүү ажил нэвтэрч байгаа бөгөөд Хотонт сум өөрийн цэцэрлэгийн ангиа хоёр бүлгээр нэмсэн мэдээ ирүүлээд байна.
Эрдэм боловсролтой, эх орондоо нэмэртэй иргэнийг төлөвшүүлэхэд
цэцэрлэгээс нь эхэлж анхаарна хэмээн төлөвлөж алсын хараагаа тодорхойлж
буй аймгийн Засаг даргад эцэг эхчүүд талархалтай байгаагаа биднээр
уламжилж байлаа.