2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Аймгийн ИТХ-ын тэрүүлэгчдийн хуралдаанаас \”Улаанбаатар хотод Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг зохион байгуулах, салбар хороо байгуулах тухай” 21 тоот тогтоол батлагдан гарсан. Энэ тогтоолд Ховд аймгийн сурталчлах өдрүүдийг зохион байгуулах хороо болон салбар хороодыг байгуулж, 9-р сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлогдсон билээ.
Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах хороог аймгийн Засаг дарга ахлаж, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх ажиллаж байна. Уг ажлын хэсэгт манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ховд аймгаас төрөн гарсан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа холбогдох албан тушаалтнууд, ИТХ-ын ажлын алба, бусад хэлтэс, агентлагын удирдах албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, 17 сумын удирдлагууд, сум тус бүрийн нутгийн зөвлөлийн дарга нарыг хамруулсан томоохон бүрэлдэхүүнийг багтаасан юм. Улаанбаатар хотод \”Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах ерөнхий салбар хорооноос гадна гурван салбар хороог байгуулсан. Соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах салбар хороог аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатаар ахлуулсан хэлтэс, агентлагийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, \”Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хороог аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа ахалж, нарийн бичгийн даргаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хороог Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр ахалж ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хороонд Ховд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагууд бүрэлдэхүүнд нь багтаж байгаа юм.
Дээрх ажлыг зохион байгуулахтай холбоотой салбар хороодын нэгдсэн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар \”Ховд аймгийн өдрүүд” арга хэмжээний хөтөлбөрийг цэгцлэх, урьдчилсан реклам, шторк цацах, зохион байгуулагдах газруудад урлаг соёлын тоглолтууд, Уран зураг, Фото зураг, Ном, Музейн үзмэрийн үзэсгэлэн болон”Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа бусад арга хэмжээг төлөвлөгөөний дагуу тооцоо судалгаатай зохион байгуулах талаар ерөнхий хорооноос үүрэг авлаа.