Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутагт дэвсгэрт энэ сарын 22-ны өдөр 60 орчим насны иргэн биедээ 30 гаруй удаа хутгалуулан, амь насаа алдсан талаар өмнө бид мэдээлсэн. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Өнгөрсөн баасан гаригт хүний амийг ноцтой хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
–Энэ хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, 2018.02.22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас баривчилсан. Талийгаач 61 настай, Б гэгч байсан. Түүнийг 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэргээ нуун далдлах зорилгоор талийгаачийг гэрт нь галдан шатаахыг завдсан. Мөн хэргийн газраас оргон зугтаасан байсан. Харин манай цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж Төв аймгийн Баянчандамь сумаас баривчилсан.
Хэргийн газарт нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид үзлэг шалгалтыг хийсэн байгаа.
-Гэмт хэрэг үйлдсэн этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?
Хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа этгээд 47 настай, эрэгтэй, Г гэдэг. Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Гэмт этгээд нь урьдчилсан мэдүүлгээр согтуурсан үедээ хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Түүнийг одоогоор Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Харин талийгаачийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгаж байгаа.