Хан-Уул дүүргийн XV дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл иргэд архидан согтуурсан үедээ нэгийнхээ аминд хүрсэн хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
“Дулааны худагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн “Арцат-111” чиглэлийн алба хаагчид ажиллаж тэнэмэл амьдралтай 21 настай, эрэгтэй А нь тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Тэгвэл тэнэмэл иргэдэд хэн, хэрхэн анхаарал хандуулдаг талаар албаны хүнээс тодруулахад “Тодорхой оршин суух хаяггүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох тохиолдол бий. Тиймээс цагдаагийн байгууллагаас бусад газруудтай хамтран тэднийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллага, халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулдаг. Өнгөрөгч оны 11 дүгээр сард нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ТББ-д байршуулж ажилласан” гэлээ.