“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ОХУ-ын Засгийн газар баталжээ.
Түнш орнууд болон гуравдагч орон хооронд төмөр замаар гадаад худалдааны ачаа барааг тээвэрлэх шинэ нөхцлийг бүрдүүлэх уг хэлэлцээрийн төслийг ОХУ-ын Засгийн газар баталж, Ерөнхий сайд Дмитрий Медведев 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрийн зорилго нь:
-Гадаад худалдааны ачааг талуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орнууд руу төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхэд оршино.
Энэхүү хэлэлцээрт:
-Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх
-Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
-Төмөр замын тээвэрт барааг хилийн боомтоор нэвтрүүлэх журмыг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх
-Тээврийн хэмжээг өсгөх, төмөр замын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх,
-Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцлийг бүрдүүлэхээр тусгасан байна.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж, тээврийн бага зардалтайгаар гуравдагч зах зээлд гаргах нөхцөл бүрдэж байгаа юм байна. Тарифын хөнгөлөлт эдлэх хугацаа нь 25 жил тогтвортой үргэлжлэх юм.