Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг нь Пёнчаны олимпод ирсэн гадны тамирчдыг шоконд оруулсан билээ. Америкийн фристайлийн тамирчин Гас Кенуорти Пёнчанаас харихдаа олимпийн медалиас гадна хүнсэнд хэрэглэгдэх гэж байсан нэгэн гөлгийг аварч түүнтэй хамт харьсан байна. Тэрээр энэ удаад ганцхан нохой аварсан ч нохойн фермийн эзэнтэй ярилцаж, дахин 90 нохой худалдаж авахаар гэрээ байгуулжээ.
Тус фермд хүнсэнд хэрэглэх нохойг хэрхэн тэжээдэг, ямар байранд байлгадаг нь барууны орны тамирчинг үнэхээр шоконд оруулсан аж.
Түүнтэй хамт Америкийн амьтан хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч нар байсан бөгөөд тэд тус фермийн бүх 90 нохойг худалдан авсан төдийгүй, мөн фермийг нь ч худалдан авсан байна. Удахгүй нохдыг АНУ, Канадад гаргаж, шинэ эзэнтэй болгох юм байна.
Өмнөд Солонгост нохойн ферм 17 мянга гаруй байдаг аж. 2014 онд Сочигийн олимпийн дараа Гас Кенуорти бас хэд хэдэн золбин нохой аваад харьж байсан удаатай гэнэ.
Гас Кенуорти цаашдаа ч солонгос нохдын төлөө их ажил хийнэ гэдгээ мэдэгджээ.
Тэрээр “Энэ гөлгийг Бимо гэж нэрлэсэн. Гаалийн шалгалт, эмнэлгийн үзлэгийн дараа тэр манай гэрт ирэх болно” гэж бичсэн байна.