НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс Умард Солонгосоос Сирид химийн зэвсэг үйлдвэрлэх түүхий эд нийлүүлсэн баримтыг илрүүлжээ.
Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тайланд “Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Умард Солонгосоос Сири улс руу химийн урвалд тэсвэртэй плита, хүчилд тэсвэртэй цорго, мөнгөн ус зэргээр хангаж байсан” гэх мэдээлэл багтжээ. Энэ нь Умард Солонгосоос Сири рүү зэвсэг, зэвсэглэлийн хэрэгсэл нийлүүлсэн анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь 2016, 2017 онуудад хоёр ч удаа зэвсэг нийлүүлж байсан нь ил болж байв.
Баримтыг Сирийн эрх баригчид үгүйсгэсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асад, “Химийн зэвсэг Аллах тэнгэрийн таалалд нийцэх зүйл биш. Мөн нэмэлтээр зэвсэг авах нь бидэнд хамгийн хэрэгцээгүй зүйл” хэмээн мэдэгджээ. Сирийн иргэний дайн эхлээд долоо дахь жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд АНУ тэргүүтэй хэд хэдэн улс тэдний эсрэг худалдааны хориг арга хэмжээ аваад байгаа юм.
НҮБ-аас холбогдох тайланг ирэх сарын 16-ны өдөр олон нийтэд ил болгож, Умард Солонгосын эсрэг хоригийг чангатгах асуудлыг хэлэлцэх юм. НҮБ-аас сүүлийн байдлаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн эсрэг хоригийн хүрээнд гадаад худалдааг бүр мөсөн хориглохоор ажиллаж байна. Гэсэн ч БНХАУ-аас тус хоригт нэгдэхгүй хэмээн мэдэгдэж, Умард Солонгос руу нүүрсний экспортоо 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа юм.