Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ “Ланд-200” загварын суудлын автомашин, Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрсөн байна. Ланд-80 автомашины тухай дуудлагыг өчигдөр 11:23 цагт, Ланд-200 автомашины дотор нь 1 цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:54 цагт тус тус хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагч, Цагдаагийн газрын алба хаагч, орон нутгийн иргэд очсон аж. Албаныхан болон иргэд Ланд 200 автомашиныг гаргах гэж 7 цаг гаруй ажилласан бөгөөд уг автомашинд Улаанбаатар хотын харьяат иргэн Б /36 настай, эрэгтэй/ амиа алдсан байв.
Харин Ланд-80 автомашиныг 11:32 цагаас эхлэн цаг гаруйн дараа гаргаж, иргэн Н-д хүлээлгэн өгсөн байна.
Я.Хулан