Уг нь гааль, татварынхан авлигаас
ангид байх ёстой. Ёс зүй нь ч, ажил мэргэжлийн онцлог нь ч тэднийг шударга
ажиллахыг шаарддаг. Гэвч манайд эсрэгээрээ авлига томоохон асуудалд гааль,
татварынхан оройлон оролцдог нь харамсалтай.
Тэр тусмаа \”буяныг гаргахгүй, бузрыг
оруулахгүй” хэмээх сүртэй уриатай гаалийн байгууллагын ахлах байцаагчид авлига
хээл хахуульд өртөх нь элбэг. Тодруулбал, өнгөрөгч сарын 26-27-нд шилжих шөнө
Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа нөөцийн газрын хэлтсийн ахлах байцаагч
Б, байцаагч О нарыг АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр
ангид саатуулжээ. Тэднийг авлигын хэрэгт буруутган шалгаж байгаа тухай эх
сурвалж мэдээллээ.
Тэгвэл саяхан буюу 11 дүгээр сарын
22-ны өдөр Замын-Үүдийн гаалийн ахлах байцаагч Н хамт ажилладаг дөрвөн
байцаагчийн хамтаар мөн л авлига хээль хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж,
цагдан сэргийлэх арга хэмжээ авахуулаад байгаа юм. Эндээс АТГ-ынхан гэнэт идэвхтэй
ажлаад эхлэв үү гэж бодож магадгүй. Гэвч өмнө нь ч гаалийнхан авлигын хэрэгт
холбогдсоор л байв. Ямар сайндаа л \”ачаа
өшиглөх” гэдэг үг бренд болтлоо хоногшсон байх вэ дээ. Харин шалгаж, шийдвэрлэж буй байдал нь нууц
үргэлжилдэг байлаа.
Энэ удаагийн хоёр тохиолдлыг Гаалийн
Ерөнхий газраас ихэд нууцалж байгаа бөгөөд тодруулахаар очсон хэвлэлийнхэн
тайлбар хийхгүй буцааж байгаа сурагтай.
Ер нь гаалийнхан нотлох баримт нь
тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж буй хэрэг байсан ч үгүйсгэдэг хатуу
зарчимтай улс юм шиг. Яагаав 2014 онд Сэлэнгийн гаалийн байцаагчид дүүрэн
ачаатай автомашиныг \”дээрх автомашин нь ачаагүй хоосон болно” гээд гаалийн
бүртгэлийн программдаа худлаа бүртгэсэн байсныг хуулийнхан тогтоож, нэг
хэсэгтээ хэвлэлийн тэргүүн нүүрийг чимэж байлаа шүү дээ. Гэтэл гаалийн
байгууллагаас \”энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гүтгэлэгийн чанартай.
Манай байцаагч нар цэвэр” гэгчлэнгээр хамгаалж байсан ч нь тодхон санагдаж
байна.
Энэ мэтчилэн Гаалийн байгууллагад
бугласан \”гар хүндрүүлэх” асуудлыг тооцоод барахгүй. Гаалийн байгууллагыг гэнэт баяжих газар ч гэж ярих болж. Ядуу орны зовлон цалингаас гаднах
орлогоос хэн татгалзах билээ дээ.
Амар