УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Энэ нь аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан хориг юм. Давж заалдах шатны шүүх, тойргийн шүүхийг аймгуудад төвлөрүүлж байгуулсан нь ард иргэдийг чирэгдүүлсэн, Үндсэн хуулийн үндсэн үзэл санаа, зарчимтай зөрчилдсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ \”Хэлбэр талаас нь харахад Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьж байгаа мэт боловч агуулга талаасаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьсан нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь сүүлийн 23 жилд анхны тохиолдол. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц УИХ-аас баталсан хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэсэн 140 шийдвэр гаргасан байдаг. Үүний 40 орчим нь сүүлийн гурван жилд гарсан байна” гэв.