Өнгөрсөн 2016 оноос эхлэн нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлж, 87.900 хүүхдийг дархлаажуулсан.
Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байна. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийж байна. Энэ онд 38,000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна.
Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно. 2019 онд улсын хэмжээнд 74,300 хүүхдийг 3 удаа дархлаажуулахад 202,700 хүн/ тун вакцин, дагалдах хэрэгсэл, тээврийн зардалд 2,069,000,000 төгрөг шаардлагатай.Өнөөдрийн байдлаар хоёр сартай 520 хүүхэд уг вакцинд хамрагдаад байгаа аж.