\”Монголын Зүрх Хэнтий\” гэрэл зургийн үзэсгэлэн 2015.11.24-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Долоо хоногийн турш олон нийтэд нээлттэй байсан тус үзэсгэлэн нь \”Хан Хэнтий-2015\” гэрэл зургийн аялалын үр дүн байсан бөгөөд гэрэл зургаар дамжуулан олон нийтэд таниулах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой байсан юм. Нээлт, хаалтын үйл ажиллагаанаас гадна үзэсгэлэнгийн үеэр залуучуудад зориулсан яриа лекц, ахмадууд болон нутгийн зөвлөлийнхний өдөр, аялал жуулчлалын байгууллагуудын хэлэлцүүлэг зэрэг хэд хэдэн тусгай хөтөлбөртэй байлаа. Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан тур операторуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тус уулзалтын үеэр эх орныхоо зүрхэн нутаг болсон Хэнтий аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг дурдаж, нэгдсэн бодлого хэрэгтэй байгааг ч дурдлаа. Тус үзэсгэлэн нь удахгүй Хэнтий аймгийн төв Өндөрхөөн хотноо тавигдах бөгөөд дараа дараагийн олон ажлууд хүлээж буйг зохион байгуулагчид онцолж байлаа.
PHOTONEWS.MN