Одоогоос бараг гурван жилийн өмнө буюу 2013 оны нэгдүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан Монгол Улсын иргэн Н.Золзаяад Малайз Улсын анхан шатны шүүхээс цаазын ял оноосон билээ. Ингэхдээ түүнийг хар тамхи хэрэглэсэн хэмээн тус улсын шүүх цаазын ял оноосон бөгөөд энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүй, Гадаад хэргийн сайд нар анхаарлаа хандуулж, Малайз Улсын Засгийн газарт хандаж, захидал хүртэл хүргүүлж байсан юм. Харин өнгөрөгч 11 дүгээр сарын 26-нд болсон Н.Золзаяагийн хяналтын шатны шүүх хуралдааны үеэр цаазын ял сонссон Монгол Улсын иргэн Н.Золзаяагийн хэрэгт нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж буруугүйд тооцон суллах шийдвэр гаргасан юм.
Ингэснээр Малайзын хорих ангиас суллагдсан Монгол Улсын иргэн Н.Золзаяа эх орондоо ирэхээр болжээ. Ямартай ч, Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж, түүний эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд Монгол Улс 68.6 сая төгрөг зориулсан бөгөөд энэ мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.
Э.Төгс