Ихэнх оронд бүрэн
устсан гэгддэг тэмбүү өвчин манай оронд байсаар байна. Ялангуяа тэмбүүтэй эхээс
ийм өвчтэй бяцхан үрс ихээр төрж байгаад эмч нар ихэд санаа зовох болжээ. Нэг үеэ бодвол жирэмсэн эхчүүд бараг бүгдээрээ
харьяа дүүрэг, сум, хот, аймгийнхаа төрөх газарт төрдөг болсон бөгөөд өнгөрсөн 2014
оны байдлаар төрөлхийн тэмбүү өвчтэй 30 хүүхэд төрөх газруудад мэндэлжээ. Харин
Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлснээр энэ оны 11 дүгээр сарын байдлаар бэлгийн
замын халдварт өвчин /БЗХӨ/-ий 46.2 хувь буюу бараг тал хувийг нь тэмбүү өвчин
ганцаараа эзэлж байна.
Түүнчлэн энэ буурахгүй харин ч бүр нэмэгдэх хандлагатай
байгааг эмч, мэргэжилтнүүд тэмдэглэж, 2012 онд БЗХӨ-ий 45 хувийг тэмбүү эзэлж
байсан гэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тэмбуу өвчин буурах бус харин ч
1.2 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн тэмбүү өвчин эрчүүдийг бодвол
эмэгтэйчүүдийн дунд их байгаа аж.
Харин эхээс урагт дамжсан буюу төрөлхийн тэмбүүтэй
төрж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хүү нар аж. Түүнчлэн тэмбүү өвчтэй эхчүүдийн
ураг эрхтэн тогтолцооны гажигтай цаашлаад амьгүй төрөх өндөр магадлалтай байдаг
бөгөөд тэмбүү өвчин хүндрэхээрээ хүний зөөлөн эд, мөгөөрс зэргийг идэж
устгадгаас гоо сайхны нөхөж баршгүй том хохирол хүлээдэг байна.