УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Чуулганы хуралдааны үеэр энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулгадаа дурдсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулжээ.
Төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн \”Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хойших хугацаанд буцаан хэрэглэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг \”Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно” гэж томьёолохоор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос танилцуулсан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Дашдорж, С.Одонтуяа, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Д.Арвин асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Хууль батлагдсанаар 15-аас дээш жил хамтдаа амьдарсан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барлаа гэхэд түүний тэтгэврийн тодорхой хувийг үлдсэн нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авах боломжтой болж байгаа юм. Гэхдээ хувийг нь Засгийн газраас тогтооно. Түүнчлэн уг хууль 2012.01.01-нээс хойш эхнэр эсвэл нөхрөө алдсан хүмүүст хамаарна.