Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үлэг гүрвэлийн олдворыг монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шалгаж дуусаад уг олдворуудыг монгол улсад буцаан авч ирэх талаар холбогдох төрийн байгууллагуудад уламжлан ажиллаж байна.
Уг олдвор нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нэмэгтийн хөндий гэх газраас олдсон юм байна. Харамсалтай нь 2006 онд олдворыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байжээ. Франц, Солонгос улсад Монгол Улсаас гаралтай байж болзошгүй үлэг гүрвэлийн олдвор байгаа гэсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Паленталогийн хүрээлэнгийн холбогдох мэргэжилтний хамт 2017 онд Франц болон Солонгос улсад газар дээр нь очиж шалгажээ. Ингээд шалгалтаар дээр дурдсан газраас олдсон жижиг махан идэшт үлэг гүрвэлүүд, өндөгний үүр гэх мэт маш олон олдворууд мөн болохыг тогтоосон аж. Тиймээс шүүх олдворуудыг Монголд буцаахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар олдвор, цуглуулгуудаа буцааж татах арга хэмжээ авах л үлджээ.
Эдгээр олдвор нь нэг талаар байгалийн өв боловч нөгөө талаар соёлын өвд багтдаг гэнэ. Олон улсын конвенцод “байгалийн болон соёлын өвийг хамгаалах” гэж байдаг бол манайд байгалийн гэдэг нь орхигдсон байдаг учраас Соёлын өвийг хамгаалах хуулиар паленталогийн асуудлыг зохицуулдаг аж.
Энэхүү байгаль, соёлын өвийг Монгол Улсын иргэд хууль бусаар хил нэвтрүүлсэн гэдгийг Эдгийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, Цагдаагийн ахмад П.Нэмэхбаатар мэдээлэлдээ дурдлаа.