Өнгөрөгч амралтын
хоёр өдөр нийслэл хотын хэмжээнд гал түймрийн цөөнгүй дуудлага 101-т
бүртгэгджээ. Үүнээс хүний амь эрсэдсэн дөрвөн дуудлагыг гал сөнөөгчид очиж унтраасан
байна. Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайн
59-ийн А тоотод иргэн О-ын гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг
өчигдрийн 15:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан
хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал
түймэрт иргэн Л /6 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Ногоочдын 2 дугаар
гудамжийн .. тоотод иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага
Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.13-ны өдрийн 07:29 цагт иржээ. Дуудлагын
дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан ч уг галд Б /16 настай, эмэгтэй/, Э /4 настай,
эмэгтэй/, Э /2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд тэдний цогцсыг гаргаж
тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгжээ.