Монголчуудаа байлдан дагуулж, олны таашаалыг хүртсэн “Солиот эх” дэлгэцийн уран бүтээлийг шинэ оны эхээр олны хүртээл болгосон билээ. Түүнээс хойш зөвхөн эх орондоо гаргаад зогссонгүй гадаад улс оронд амьдарч байгаа монголчууддаа зориулж киногоо хилийн дээс давуулж хэд хэдэн улсад толилуулаад байгаа юм.
Түүнчлэн тус киноны уран бүтээлчид буюу Х түц продакшны хамт олон “Солиот эх”-ээ гадны фестивалиудад явуулж сойхоор зэхэж эхэлсэн байна. Тухайлбал, Каннын фестивальд шаардлагатай материалуудаа бүгдийг нь бүрдүүлээд явуулсан байгаа гэнэ. Каннын наадмаас нэлээд горьдлоготой ч байгаа бололтой. Хэдийгээр киноны хөгжлөөрөө дэлхийд цойлж хараахан гараагүй манай улсын хувьд хангалттай амжилт үзүүлнэ гэдэгт итгэл үнэмшил дүүрэн биш ч Т.Бархүү мөрөөдлөө биелээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлэв.
Мөн Каннын наадмаас гадна Азийн олон кино фестивалиудад оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ бүгдийг зохицуулах ажлыг, мөн ар гэрийн ажлаа даагаад И.Одончимэг эр нөхрийн хамт Швед рүү явж амжилгүй суурин байгаа аж. Т.Бархүү өдгөө Швед улсын Стокхольм хотноо “Солиот эх” уран бүтээлээ монголчууддаа толилуулахаар явж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, гурван жилийн өмнө бэлэн болсон Т.Бархүү, И.Одончимэг нарын шинэ уран бүтээл “Алтан өндөг” хэмээх кино энэ намар үзэгчдийн хүртээл болох нь ээ. Өнөөдрийг хүртэл хав дарж ирсний учир нь мөн л гадагш гаргах гэж байсан бөгөөд энэ жил гадагшаа гаргасан ч, гаргаагүй ч нээлтийг нь хийнэ гэдгээ Т.Бархүү Шведээс дуулгалаа.