ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэргийг Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Оросын алдарт зохиолч Федор Достоевскийн “Гэм зэм” романы үйл явдалтай зүйрлэжээ. Тэрээр энэ хэргийн талаар хэлэхдээ “Энэ хэрэг яг “Гэм зэм” роман дээр гардаг шиг үйл явдал. Гэмт хэрэгтнийг бид бүгдээрээ мэдэж байгаа ч энэ хэргийг үйлдсэн хэрэгтэн өөрөө хэргээ хүлээх үү эсвэл баригдах уу гэдэгт гол асуудал нь байгаа” гэж хэлсэн байна.
Үүнээс өмнө Их Британийн эрх баригчид Скрипалийн хэрэг явдалтай холбогдуулж Оросын дипломатчдыг эх орноосоо хөөх шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийг дэмжин АНУ, Канад болон Европийн олон улс орон тус улсын 100 гаруй дипломат ажилтнуудыг мөн адил нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм. Харин уг шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэн тус улсын дипломат ажилтнуудыг хөөн гаргасан явдал нь хэт нөхөрсөг бус шийдвэр хэмээн анхааруулсан билээ. Их Британи улс Оросын экс тагнуулчийг А234 гэх химийн хороор хордуулсан хэрэгт ОХУ буруутай хэмээн өнөөг хүртэл үзсээр байгаа юм.