БНАСАУ ба Өмнөд Солонгос улсын төлөөлөлүүд хоёр улсын хооронд явагдах дээд хэмжээний уулзалтын байр, хугацаа болон үндсэн хэлэлцэх сэдвийг тодорхойлохын тулд хэлэлцээрийн бэлтгэл ажлаа эхэлүүллээ. Хоёр улсын өндөр албан тушаалтнуудын уулзалт, Хойд Солонгосын талын цэрэггүй бүсэд байх байранд явагдах талаар Рёнхап агентлаг дамжууллаа.
БНАСАУ-ын төлөөллөгчид гурван хүнээс бүрдэх ба түүнийг хойд солонгосын эх орноо тайван замаар нэгтгэх хорооны дарга Ли Сон Гвон ахлана. Өмнөд Солонгосыг үндэстнээ нэгтгэх хэргийн сайд Чо Мён Гюн төлөөлөх ажээ.
Пхеньян өнгөрсөн долоо хоногт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах талаар Сөүлийн саналыг хүлээн авлаа. Дээд хэмжээний уулзалт урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын сүүлчээр төлөвлөгдсөн байна.
Ц.Пүрэвдорж