Нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын захиалгын үйлчилгээг үзүүлэх болсонтой холбогдуулан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Гадаад паспорт захиалах үйлчилгээний ачаалал бууруулж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготойгоор энэ сарын 9-ны өдрөөс эхлэн Нийслэлийн зургаан дүүрэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Мишээл экспо, Дүнжингарав, Оргил -6, Драгон зэрэг нийт 10 газруудад гадаад паспорт захиалах боломж нээгдэж байна.
Энэ талаар ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Бид энэ сарын 9-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын үйлчилгээг нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээр дамжуулан олгоно. Гадаад паспорт захиалах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр гадаад паспорт захиалах иргэдийн тоо 10 хувиар буурна. Мөн иргэд харьяа дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн зургаан дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр үйлчлүүлэх боломжтой. Мөн 100 айлд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газарт үзүүлдэг үйлчилгээ мөн адил дүүргүүдэд явагдана” гэв.