Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн сурагчид хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн тохиолдол өчигдөр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд байрлах нэгэн хүнсний дэлгүүрээс 4-р ангийн найман эрэгтэй хүүхэд хулгай хийжээ. Орой ажил тарах үе буюу иргэд олноор үйлчилдэг цагийг ашиглаж, эдгээр хүүхдүүд өөртөө үйлчилдэг дэлгүүрээс чихэр, шоколад зэргийг хулгайлж авсан байна. Тэдний нэг нь хүнсний бараа авч бусад нь халхавч хийн дэлгүүрт байсан иргэдийг хууран мэхэлсэн үйлдэл гаргажээ.
Тухайн үед сурагчид дэлгүүрээс бараагаа авч гарсныг ажилчид анзаараагүй байна. Удалгүй хяналтын камер шалгаж, хулгай хийсэн хүүхдүүдийг цагдаагийн тусламжтайгаар саатуулжээ. Дэлгүүрт хамт орж хулгай хийсэн сурагчид хувцсаа сольж, сагсан бөмбөг тоглож байх үед нь барьж авсан байна. Сурагчдаас цагдаагийн ажилтан байцаалт авсны дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.