“Оддын академи” шоу нэвтрүүлэг 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ байгуулах хамтлагийн охидыг тодруулсан. Энэ бол саяхан анхны уран бүтээлээ гаргаад буй “THE WASABIES” хамтлаг.
Тэдний анхны бүтээлийг хараад хамгийн түрүүнд өнгөлөг, цоглог гэсэн тодотголыг хэлэх хүн олон байгаа юм. Тиймдээ ч Монголын рок, поп урлагийн нэгэн цаг үеийг эргэн сануулав. Шинээр мэндэлсэн тэдний стиль имиж олны таашаалд нийцсэн нь сэтгэгдлүүдээс харагдаж байгаа ч, нүд баясгах олон өнгийн зохицол нь цоо шинэ төрх хараахан биш юм. Зарим хэсэг нь солонгос шиг гэлцэнэ. Тэгвэл манайд ч ийм содон имижтэй, цоглог охидын хамтлаг байсныг мартаагүй биз дээ.
Гала хэмээн өөрсдийгөө овоглосон нүд гялбам хоёр охин нэгэн хэсэг охидыг байлдан дагуулж байсан удаатай. Тэдэнд бяцхан шүтэн бишрэгчид ч байлаа. Тод олон өнгө, гял цял чимэг зүүлт нь тэр үедээ л ёстой нүдэнд тусаж, шүтэн бишрэгчдээ дуулалтаараа гайхашруулахгүй ч имижээрээ үлгэрлэдэг байв. Бяцхан фэнүүдтэй нь зэрэгцэн эрчүүд сэм сэмхэн нүдээ баясгадаг байсныг одоо ч санах хүн олон. Одоо бол тэд тус тусын амьдралаа хөөсөн, гэрийн эзэгтэй нар болсон. Болороогийн сураг нам жим байгаа ч тэд хоорондоо байнгын холбоотой байдаг гэнэ билээ.
Тэгэхээр энэ цагийн “The Wasabies” өнгөлөг имижээрээ Галагийн Ану, Болороогийн шийрийг хатаах нь уу, гайхалтай хоолойн чадлыг мэдрүүлж, эгч нараасаа илүү өндөрт нисэх үү гэдгийг харах л үлдэж байх шиг.