Манай улсад жил ирэх бүр мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор мотоцикльтой холбоотой зам тээврийн осол ч нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд мотоцикльтой холбоотой зам тээврийн ослын улмаас 112 эрдэнэт хүний амь нас хохирсон байна.
2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 48,0 мянга гаруй мотоцикль бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа бөгөөд иргэд мотоциклийг ахуй амьдралдаа тэр ч бүү хэл малын бэлчээртэй хүртэл унаж хэрэглэж байгаа нь энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болж байна.
Мөн импортоор орж ирж байгаа мотоциклийн 20 хүрэхгүй хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэж үлдсэн 80 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар худалдан борлуулдаг цэгүүд дээр байдгаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй замын хөдөлгөөнд оролцож байна.
Тус албанаас орон нутгийн автозамд мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлд ороогүй мотоциклийг техникийн үзлэг, оношлогоонд хамруулан бүртгэлжүүлж, ЗХАБТХ, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр сарын хугацаанд “Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Автотээврийн Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхэллээ. Арга хэмжээ энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү ажлын хүрээнд аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт АТҮТ-ийн болон аймаг, сум, дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагч, багийн Засаг дарга, замын цагдаа, хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа, хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хөдөө орон нутагт байгаа улсын бүртгэлд ороогүй мотоциклд улсын дугаар олгох, иргэдийн “А” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамруулах, эрхийн үнэмлэхгүй мотоцикль жолоодох зөрчлийг таслан зогсоох түүнчлэн “Хамгаалалтын малгай”-н ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.