\”МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т өгчээ. Зам, тээврийн сайд М.Зоригтын \”МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан. Мөн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн өрөөнд МИАТ, ИНЕГ-ын дарга нар, санхүү хариуцсан дарга нарынхаа хамт хоёр өдөр ээлжлэн дуудагдаж уулзсан ярианы бичлэг нь нийтэд ил болж байсан билээ.
Үүнд хамгийн ноцтой нь М.Зоригт албан тушаалаа ашиглан тушаал өгч ашиг сонирхлын хамааралтай \”Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж \”МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас \”Голомт” банк руу татан төвлөрүүлсэн гэдэг талаар ярьсан байв.
Дээрх мэдээлэл ил болсны дараа \”Голомт” банк руу татсан зарим мөнгөө буцаан татсан байж болзошгүй гэхчлэн хардаж сэрдэх яриа ч үүсч байлаа. Харин энэ талаар \”МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан албан ажлаа өгснийхөө дараа ийнхүү шалгуулахаар АТГ-т өргөдөл гарган шалгуулахыг хүсчээ. Тэрбээр салбарын сайдаа юуны учир АТГ-т шалгуулах болсныг мэдэхийн тулд өргөдлийн эхийг бүрэн эхээр нь нийтэллээ.